Үйлс 3:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Петр, Иохан нар залбирлын цаг болох есдүгээр цагт сүм уруу явж байв.

2. Төрөлхийн хазгар нэгэн хүнийг хүмүүс авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэр хүн өдөр бүр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ.

3. Петр, Иохан нарыг сүм уруу очиход тэр тэднээс гуйлга гуйж эхлэв.

4. Петр Иоханы хамт түүн уруу харц тогтоон,—Наашаа хар гэв.

5. Тэднийг ямар нэгэн юм өгөх нь хэмээн горьдон, мөнөөх хүн тэдэн уруу анхаарав.

6. Харин Петр түүнд—Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд,—Назарын Есүс Христийн нэрээр [босоод] явагтун хэмээн хэлээд

7. баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч орж,

8. үсрэн цэх зогсоод алхаж эхлэв. Тэр цовхчин Бурханыг магтан тэдний хамт сүмд явж орлоо.

9. Бурханыг магтан алхаж буй түүнийг бүх хүмүүс хараад

10. сүмийн Үзэсгэлэнт Дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж, түүнд юу тохиолдсоныг үзээд гайхаж хоцорсон байлаа.

11. Өнөөх хүн Петр, Иохан нарын хамт байх зуур гайхаж хоцорсон хүмүүс бүгд гүйлдэн Соломоны танхимын орчимд цугларчээ.

Үйлс 3