16. Гэвч ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг хөдөлж, ямар ч арга байхгүй болох хүртэл тэд Бурханы элч нарыг элэглэн доромжилж, Түүний үгийг жигшин, Түүний эш үзүүлэгчдийг тохуурхсан юм.
17. Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр нь ирж, тэдний залуусыг ариун газрынх нь өргөөнд илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.
18. Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчирчээ.
19. Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгуудыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм.
20. Илднээс амь гарагсдыг тэрээр Вавилон уруу авч явжээ. Персийн хаант улсын ноёрхлыг хүртэл тэд түүнд болон хөвгүүдэд нь боолууд болцгоосон байв.
21. Тэр газар нутаг хоосролынхоо бүх өдрүүдэд амралтын жилээ эдэлж, далан жил гүйцтэл амралтын өдрийг сахисан. Энэ нь Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд болой.