Шастирын Дэд 33:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Хэрвээ Мосегээр дамжуулан өгөгдсөн хууль, зарлигууд болон тогтоолуудын дагуу тэд Миний тушаасан болгоныг сахин үйлдэж байвал Би та нарын эцэг өвгөдөд тогтоож өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин гаргахгүй” гэсэн билээ.

9. Ийнхүү Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүү бузар мууг хийлгүүлэн Иуда болон Иерусалимын оршин суугчдыг Манассе төөрөгдүүлсэн юм.

10. Манассед болон түүний ард түмэнд ЭЗЭН айлдсан боловч тэд анхаарсангүй.

11. Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжнуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.

12. Зовлон зүдгүүрт орсон хойно тэр өөрийн Бурхан ЭЗЭН уруу хандаж, эцэг өвгөдийнхөө Бурханы өмнө өөрийгөө ихэд дорд болгов.

13. Манассе Түүнд залбирахад, гуйлтанд нь Тэрээр сэтгэл хөдөлж, түүний хүсэлтийг сонсож, түүнийг Иерусалим уруу, өөрийнх нь хаант улс уруу дахин авчирчээ. Ингээд ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ.

14. Үүний дараа тэрээр Давидын хотын гадна Гихоны баруун тал дахь хөндийд гаднах хэрмийг босгож, Загасан Хаалганы үүд хүртэл үргэлжлүүлэн, Офелыг хүрээлүүлсэн бөгөөд хэрмийг маш өндөр барив. Дараа нь Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад тэрээр цэргийн дарга нарыг байрлуулав.

Шастирын Дэд 33