Лук 20:18-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэр чулуун дээр унах хүн бүр хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр хүнийг шороо мэт бутаргана гэж айлдав.

19. Яг тэр үед хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг завдсан ч, ард олноос айв. Учир нь Есүс сургаалт зүйрлэлийг тэдний эсрэг айлдсаныг тэд ойлгосон ажээ.

20. Тэд Түүнийг ажиглан, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. Ингэсэн нь Түүнийг үгэн дээр нь олзлон барьж захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой байв.

21. Тэд Түүнээс—Багш аа, Таныг зөв ярьж, сургадаг агаад хэнийг ч ялгалгүй, харин Бурханы замыг үнэнээр заадгийг тань бид мэднэ.

22. Цезарьт татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув.

23. Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд хандан—

24. Надад денар үзүүлээч. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд—Цезарийнх гэжээ.

25. Есүс тэдэнд—Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав.

Лук 20