5. Элч нар хаан уруу буцаж ирсэнд тэр тэдэнд—Яагаад та нар буцаж ирэв? хэмээв.
6. Тэд түүнд—Нэгэн хүн бидэнтэй уулзахаар ирээд, бидэнд “Явж, та нарыг илгээсэн хаанд буцаж очоод, түүнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Израильд Бурхан байдаггүй болоод чи Екроны бурхан Баал-зебубаас асуухаар илгээж байна уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” хэмээв» гэж хэл” гэж хэлсэн гэцгээв.
7. Хаан тэдэнд—Та нартай уулзахаар ирж, эдгээр үгсийг та нарт хэлсэн тэр хүн ямаршуу төрхтэй байсан бэ? гэхэд
8. тэд хаандаа—Бүсэлхийгээрээ арьсан бүс бүсэлсэн, үсэрхэг хүн гэж хариулцгаав. Хаан—Тэр бол тишбе хүн Елиа байна хэмээн хэлэв.
9. Тэгээд тавьтын даргыг тавьтынх нь хамт Елиа уруу илгээв. Тэрээр түүн уруу өгсөн гарч харахад Елиа толгодын орой дээр сууж байлаа. Тэр түүнд—Бурханы хүн ээ, хаан “Бууж ирэгтүн!” гэж хэлүүллээ гэв.
10. Елиа өнөөх тавьтын даргад хандан—Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж, чамайг болон чиний тавьтыг шатааг гэв. Тэгтэл тэнгэрээс гал бууж, түүнийг болон түүний тавьтыг шатаав.
11. Тиймээс хаан тавьтын өөр даргыг тавьтынх нь хамт Елиа уруу дахиж илгээлээ. Тэр Елиад—Бурханы хүн ээ, хаан айлдахдаа “Түргэхэн буугаад ир” гэж байна гэв.
12. Елиа тэдэнд—Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж, чамайг болон чиний тавьтыг шатааг гэж хэлэв. Тэгтэл Бурханы гал тэнгэрээс бууж, түүнийг болон тавьтыг нь шатаав.