Иов 1:3-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, таван зуун хос үхэр ба таван зуун эм илжиг, асар олон зарц бүхий эд хөрөнгөтэй байв. Тэр хүн дорнын бүх хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн байжээ.

4. Түүний хөвгүүд өөр өөрсдийн өдөртөө бие биенийхээ гэрт цугларцгаан найрладаг байсан ба өөрсдийн гурван эгч дүүсийг хамтдаа ууж, идэхээр урьдаг байв.

5. Тэдний ээлжит баяр наадмын өдрүүд өндөрлөхөд, Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов—Миний хөвгүүд нүгэл үйлдэн, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэв. Иов үргэлж ийнхүү үйлддэг байв.

6. Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв.

7. ЭЗЭН Сатанд—Чи хаанаас ирэв? гэхэд Сатан ЭЗЭНд хариулан,—Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилсээр ирлээ гэв.

8. ЭЗЭН Сатанд—Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга гэв.

9. Тэгэхэд Сатан ЭЗЭНд хариулан,—Иов утга учиргүйгээр Бурханаас эмээдэг гэж үү?

10. Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын бүтээлийг ерөөж, түүний эд баялаг нутагт нь олширлоо.

Иов 1