Иеремиа 52:18-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэд бас тогоонууд, утгуурууд, чимхүүрүүд, угаагуурууд, хайруулууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савнуудыг авч явжээ.

19. Харуулын ахмад бас цэвэр алт болон мөнгөөр хийгдсэн хулнууд, галын хоргууд, угаагуурууд, тогоонууд, дэнлүүний тавиурууд, хайруулууд болон ундаан өргөлийн хулнуудыг авч явсан.

20. ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг тэнгис, тэнгисийн доор байсан арван хоёр хүрэл бухнууд болон тавиурууд зэрэг эдгээр бүх сав суулгуудын хүрэл нь хэмжээлшгүй их байв.

21. Багануудын хувьд, багана нэг бүрийн өндөр нь арван найман тохой бөгөөд тойрог нь арван хоёр тохой, зузаан нь дөрвөн хуруу, хөндий байв.

22. Түүний дээр баганын хүрэл орой байв. Толгой бүрийн өндөр нь таван тохой байсан бөгөөд дээр нь тойруулаад, бүгд хүрлээр хийгдсэн тор болон сэмбэрүү цэцгүүд байв. Хоёр дахь багана ч үүний адил, мөн сэмбэрүү цэцгүүдтэй байв.

23. Ерэн есөн сэмбэрүү цэцэг нь харагдаж байв. Торон дээр тойруулаад бүх сэмбэрүү цэцэг нь зуу байв.

24. Дараа нь харуулын ахмад нь тэргүүн тахилч Сераиа болон дэд тахилч Зефаниаг сүмийн гурван түшмэдийн хамт авч явав.

25. Тэрээр бас дайчдыг хариуцагч нэг түшмэлийг, хотоос олдсон хааны зөвлөхүүдээс долоон хүнийг, газар нутгийн хүмүүсийг зарлан дуудсан цэргийн даргын гүүшийг болон хотын дундаас олдсон тэр нутгийн жаран хүнийг хотоос авч явжээ.

26. Харуулын ахмад Небузарадан тэднийг авч яван, Вавилоны хаан уруу Риблад аваачив.

27. Тэгтэл Вавилоны хаан тэднийг цохиж, Хаматын нутагт Риблад тэднийг алжээ. Ийнхүү Иуда өөрийн нутгаас цөллөгт хөөгдлөө.

28. Эдгээр нь Небухаднезарын цөллөгт авч явсан хүмүүс юм. Долоо дахь жилд гурван мянга хорин гурван иудейчүүд,

29. Небухаднезарын арван найм дахь жилд Иерусалимаас найман зуун гучин хоёр хүн,

30. Небухаднезарын хорин гурав дахь жилд харуулын ахмад Небузарадан долоон зуун дөчин таван иудей хүнийг цөллөгт авч явав. Бүгд дөрвөн мянга зургаан зуун хүн байв.

31. Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долоо дахь жилд, арван хоёрдугаар сарын хорин таванд Вавилоны хаан Евил-меродах хаанчлалынхаа жилд Иудагийн хаан Иехоиахинд ивээлээ үзүүлж, түүнийг гяндангаас гаргав.

32. Дараа нь тэрээр түүнтэй эелдгээр ярин, Вавилонд өөртэй нь хамт байсан бүх хаадын сэнтийнээс дээгүүр түүний сэнтийг тавив.

33. Ийнхүү Иехоиахин гяндангийн хувцсаа сольж, амьдралынхаа бүхий л өдрүүдийн туршид хааны өмнө тогтмол зооглов.

34. Учир нь түүний тэтгэмж буюу тогтмол тэтгэмж түүнд Вавилоны хаанаар үхэх өдрийг нь хүртэл амьдралынх нь бүхий л өдрүүдийн турш өдөр бүрийн хувь болгон өгөгддөг байжээ.

Иеремиа 52