7. Иосеф эцэг Иаковаа дагуулж ирээд, Фараонд бараалхуулжээ. Иаков Фараоныг ерөөв.
8. Фараон Иаковаас—Та нас сүүдэр хэдтэй вэ? гэж асуусанд
9. Иаков Фараонд—Би газар орон хэрэн явсаар зуун гучин жил болж байна. Би тийм ч урт наслаагүй, өвөг дээдсийнхээ нутаг газар сэлгэн амьдарсан он жилүүдэд хүрээгүй боловч хүнд бэрхийг тууллаа гэв.
10. Иаков Фараоныг ерөөгөөд, тэндээсээ гарч одов.
11. Иосеф Фараоны тушаасан ёсоор эцэг болон ах нараа тэнд суулгаж, Египетийн хамгийн сайн газар Рамесес нутгийг тэдэнд өмч болгон өгчээ.
12. Иосеф өөрийн эцэг, ах нар болон эцгийнхээ бүх гэр бүл, үр хүүхдүүдийг нь хоол хүнсээр хангах болжээ.
13. Ган зудад үлэмж нэрвэгдсэнээс бүх нутагт хоол хүнсгүй болж, Египет болон Канаан нутаг ган зудад үгүйрэн туйлджээ.
14. Иосеф үр тариа худалдаж, Египет болон Канаан нутгийн бүх мөнгийг хурааж, Фараоны ордонд авчрав.
15. Египет болон Канаан нутгийнхан мөнгөө дуусгажээ. Египетчүүд бүгдээр Иосефт ирж—Бидний хамаг мөнгө дууссан. Бидэнд хоол хүнс өгөөч. Бид яагаад таны өмнө үхэх ёстой юм бэ? гэсэнд
16. Иосеф—Та нар малаа авчирч өг. Та нарын мөнгө дууссан учир би малын чинь оронд үр тариа өгье гэжээ.
17. Тэгээд тэд мал сүргээ Иосефт авчирч өгөв. Иосеф тэдний авчирсан адуу, хонь, ямаа, үхэр болон илжигний оронд хоол хүнс өгчээ. Иосеф бүх мал сүргийнх нь оронд тэднийг тэр жилдээ хоол хүнсээр хангав.
18. Тэр жил өнгөрч, дараачийн жил нь болоход хүмүүс Иосефт ирж—Мөнгөө бүгдийг нь дуусгаснаа бид танаас нуухгүй. Мөн мал сүрэг маань бүгд эзэн таных. Бидний бие болон газар нутгаас маань өөр эзэн танд өгөх юм юу ч үлдсэнгүй.
19. Бид ч газар нутагтайгаа эзэн таны өмнө яагаад үхэх ёстой юм бэ? Бидний биеийг болон газар нутгийг маань хоол хүнсээр худалдаж ав! Бид газар нутагтайгаа хамт Фараоны боол зарц болцгооё. Бидэнд үр тариа хайрлаач. Тэгвэл газар нутаг маань ч цөлжихгүй гэв.