Эхлэл 42:20-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тэгээд отгон дүүгээ над уруу аваад ир. Тэгвэл та нарын үг үнэн болж, та нар үхэхгүй болно гэв. Тэгээд тэд тэр ёсоор хийжээ.

21. Тэд—Бид дүүгийнхээ явдлаас болж үнэхээр гэмтэн болцгоолоо. Түүнийг биднээс гуйхад нь сэтгэлийн зовлонг нь бид харсан хэдий ч, үгийг нь сонсоогүй учир тэр зовлон бидэнд ирж байна хэмээн өөр хоорондоо ярьцгаав.

22. Реубен бусдадаа—Тэр хүүхдэд битгий гэм хий гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Тиймээс одоо бид түүний цусны үнэ өртгийг төлөх болж байна хэмээн хэлжээ.

23. Тэд өөр хоорондоо хэлмэрчээр дамжуулан ярилцаж байсан учир Иосеф тэр үгийг нь ойлгосныг тэд мэдсэнгүй.

24. Иосеф тэднийг орхин гарч, уйлаад, дахин эргэн ирж, тэдэнтэй ярилцав. Иосеф тэдний дундаас Симеоныг барьж аваад, тэдний нүдний өмнө хүлж орхив.

25. Иосеф тэдний шуудайд үр тариа дүүргэж, хүн бүрийн өгсөн мөнгийг уутнуудад нь буцааж хийлгэн, тэдэнд замын хүнс өгөхийг тушаажээ. Түүнийг нь ёсоор болгов.

26. Тэгээд тэд үр тариагаа илжгэндээ ачаад, тэндээс хөдөлцгөөв.

27. Нэг нь буудалласан газартаа илжгэндээ тэжээл өгөхөөр уутныхаа амыг нээтэл уутных нь аман дээр өөрийнх нь мөнгө байхыг хараад,

28. ах дүү нартаа хандаж,—Миний мөнгийг буцааж өгсөн байна. Хараач! Миний уутанд байна гэсэнд хүн бүр айн чичирч, зүрх нь цохилон бие биедээ—Бурхан бидэнд юу хийх нь энэ вэ? гэцгээв.

29. Тэд Канаан нутагт буцаж, эцэг Иаковындаа хүрч ирээд, өөрсдөдөө учирсан бүхнийг ярьж өгөв.—

30. Тэр нутгийн эзэн нөгөө хүн бидэнд ширүүн хандаж, биднийг тэр улсын туршуул гэж хардсанд

31. бид түүнд хандан “Бид бол үнэнч шударга хүмүүс. Бид туршуул биш.

32. Бид нэг эцгийн хөвгүүд, ах дүүс арван хоёулаа юм. Нэг нь алга болсон, отгон дүү маань өнөөдөр Канаан нутагт аавтайгаа хамт байгаа” гэсэнд

33. тэр нутгийн эзэн тэр хүн бидэнд “Та нарын үнэнч шударга хүмүүс гэдгийг би ингэж мэдье. Та нар ах дүү нараасаа нэгийг нь надтай орхиж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо хоол хүнс аваачиж өгөөд,

34. отгон дүүгээ надад авчир. Тэгвэл би та нарыг туршуул биш, үнэнч шударга хүмүүс гэдгийг чинь мэдээд, ах дүүг чинь та нарт буцааж өгнө. Бас та нар энэ газар худалдаа наймаа хийж болно” гэж хэлэв.

Эхлэл 42