9. Абимелех Исаакийг дуудан—Тэр бол чиний эхнэр үнэхээр мөн байтал чи яахин түүнийг миний охин дүү гэж хэлсэн бэ? гэсэнд Исаак—Түүнээс болж би үхэх болов уу гэж бодсон юм гэж хариулав.
10. Абимелех—Чи биднийг яаж байгаа чинь энэ вэ? Манай хүмүүсийн нэг нь эхнэртэй чинь хялбархан унтаж болох байсан. Тэгээд чи биднийг нүгэлд унагаах байсан билээ гэв.
11. Тэгээд Абимелех—Энэ хүнд юм уу, эсвэл түүний эхнэрт халдаж довтолсон хэнийг ч болов цаазална гэж бүх хүндээ тушаажээ.
12. Исаак тэр газарт тариа тарьж, тэр жилдээ зуу дахин илүү ургац авчээ. ЭЗЭН түүнийг ерөөсөн учир
13. тэрээр агуу их болж, өсөн өссөөр маш их баян чинээлэг болжээ.
14. Түүний хонь, үхэр өсөн үржиж, зарц нар нь маш олон байсан тул филистчүүд түүнд атаархаж,
15. түүний эцэг Абрахамын үед зарц нарынх нь ухаж гаргасан бүх худгийг шороогоор дүүргэн битүүлжээ.
16. Абимелех Исаакт хандаж—Чи биднээс илүү хүчтэй болсон учир биднийг орхиж яв гэв.
17. Исаак тэр газрыг орхин явж, Герарын хөндийд майхнаа барьж, тэндээ суурьшив.
18. Исаак эцэг Абрахамынхаа үед ухаж гаргасан худгуудыг дахин ухжээ. Учир нь Абрахамыг нас барсны дараа тэдгээр худгуудыг филистчүүд чигжиж битүүлсэн байв. Исаак тэдгээр худгуудыг эцгийнхээ өгсөн нэрээр нэрлэв.
19. Исаакийн зарц нар Герарын хөндийд газар ухаж, ундран гарах усны худаг олжээ.
20. Герарын малчид Исаакийн малчидтай маргалдаж,—Энэ ус бол манайх хэмээсэнд Исаак тэр маргалдаанаас болж, уул худгийг Есек хэмээн нэрлэв.
21. Тэд өөр нэг худаг ухаж, бас дахин маргалджээ. Исаак түүнийг Ситна хэмээн нэрлэжээ.
22. Тэрээр тэндээс нүүж, бас нэгэн худаг ухсан бөгөөд дахин маргаан гараагүй учир түүнийг Рехобот гэж нэрлээд,—ЭЗЭН бидэнд газрыг тэлж өгсөн учир, бид энэ нутаг дээр өнөр өтгөн болно гэв.
23. Исаак тэндээс Беершеба уруу явав.
24. Тэр шөнө нь ЭЗЭН түүнд үзэгдэж—Би бол чиний эцэг Абрахамын Бурхан.Бүү ай!Учир нь Би чамтай хамт байна.Миний зарц Абрахамын төлөө Би чамайг ерөөн,Чиний үр удмыг өнөр өтгөн болгоно гэв.
25. Исаак тэнд тахилын ширээ босгож, ЭЗЭНий нэрийг дуудан, тэр газарт майхнаа барьж, зарц нар нь тэнд худаг ухжээ.
26. Абимелех өөрийн туслах Ахуззат, цэргийн ерөнхий захирагч Фикол нарын хамт Герараас Исаакт ирэв.
27. Исаак тэдэнд хандан—Та нар намайг үзэн ядаж, өөрсдөөсөө хөөн зайлуулсан атлаа яагаад над уруу хүрч ирэв? гэсэнд
28. тэд—ЭЗЭНийг чамтай хамт байгааг бид тодорхой харсан учир бид хоорондоо буюу та бидний хооронд тангараг тавьж, чамтай гэрээ байгуулъя гэж хэлэлцсэн юм.