19. Исаакийн зарц нар Герарын хөндийд газар ухаж, ундран гарах усны худаг олжээ.
20. Герарын малчид Исаакийн малчидтай маргалдаж,—Энэ ус бол манайх хэмээсэнд Исаак тэр маргалдаанаас болж, уул худгийг Есек хэмээн нэрлэв.
21. Тэд өөр нэг худаг ухаж, бас дахин маргалджээ. Исаак түүнийг Ситна хэмээн нэрлэжээ.
22. Тэрээр тэндээс нүүж, бас нэгэн худаг ухсан бөгөөд дахин маргаан гараагүй учир түүнийг Рехобот гэж нэрлээд,—ЭЗЭН бидэнд газрыг тэлж өгсөн учир, бид энэ нутаг дээр өнөр өтгөн болно гэв.
23. Исаак тэндээс Беершеба уруу явав.
24. Тэр шөнө нь ЭЗЭН түүнд үзэгдэж—Би бол чиний эцэг Абрахамын Бурхан.Бүү ай!Учир нь Би чамтай хамт байна.Миний зарц Абрахамын төлөө Би чамайг ерөөн,Чиний үр удмыг өнөр өтгөн болгоно гэв.
25. Исаак тэнд тахилын ширээ босгож, ЭЗЭНий нэрийг дуудан, тэр газарт майхнаа барьж, зарц нар нь тэнд худаг ухжээ.
26. Абимелех өөрийн туслах Ахуззат, цэргийн ерөнхий захирагч Фикол нарын хамт Герараас Исаакт ирэв.
27. Исаак тэдэнд хандан—Та нар намайг үзэн ядаж, өөрсдөөсөө хөөн зайлуулсан атлаа яагаад над уруу хүрч ирэв? гэсэнд
28. тэд—ЭЗЭНийг чамтай хамт байгааг бид тодорхой харсан учир бид хоорондоо буюу та бидний хооронд тангараг тавьж, чамтай гэрээ байгуулъя гэж хэлэлцсэн юм.
29. Бид чамд халдалгүй, зөвхөн сайн үйл хийж, чамайг амар тайван явуулсан шиг чи бидэнд хор хөнөөл бүү хий. Чи бол одоо ЭЗЭНий ерөөлийг хүртэгч гэжээ.