Египетээс Гарсан Нь 28:29-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Аарон ариун газарт орохдоо Израилийн хөвгүүдийн нэрсийг ЭЗЭНий өмнө мөнхийн дурсгал болгон шүүхийн цээживчинд зүрхэн дээрээ авч явах ёстой.

30. Шүүхийн цээживчин дотор Урим ба Туммимийг хий. Аароныг ЭЗЭНий өмнө ороход тэдгээр нь түүний зүрхэн дээр байх болно. Израилийн хөвгүүдийн шүүлтийг Аарон зүрхэндээ ЭЗЭНий өмнө үргэлж авч явах болно.

31. Чи ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр үйлд.

32. Түүний оройн хэсгийн голд амсар гарга. Амсрыг урагдуулахгүйн тулд хөө хуягны амсар шиг тойруулан сүлжиж захал.

33. Түүний хормойг тойруулан хөх, ягаан болон час улаан материалаар анаруудыг хийж, тэдгээрийн хооронд алтан хонхнуудыг тойруулан хий.

34. Нөмрөгийн хормойд, эргэн тойронд нь алтан хонх, анар, алтан хонх, анар байхаар хийгтүн.

35. Аароныг үйлчлэх үед үүнийг өмсгөсөн байх бөгөөд тэр үхэхгүйн тулд ЭЗЭНий өмнө ариун газарт орж гарахад хонхны жингэнэх нь сонсогдоно.

36. Чи бас шижир алтаар пайз хий. Пайзан дээр тамганы сийлбэр шиг “ЭЗЭНд ариун” гэж сийлэгтүн.

37. Түүнийг малгайн дээр урд талд нь байлгахын тулд хөх уяагаар бэхлэгтүн.

38. Тэр нь Аароны духан дээр байна. Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлэгтэй холбоотой ариусгагдсан ариун юмсын гэм бурууг Аарон үүрэх болно. Тэд ЭЗЭНий өмнө хүлээн авахуулахын тулд энэ нь үргэлж түүний духан дээр байх ёстой.

39. Чи нарийн маалинга нэхэн өнгө алагласан дотуур дээл болон нарийн маалинган малгай хий. Чи нэхмэлчний бүтээл болох бүсийг хий.

40. Аароны хөвгүүдийн алдар ба үзэсгэлэнд зориулан дотуур дээл, бүс болон малгай хийгтүн.

41. Тэгээд чи өөрийн ах Ааронд болон түүний хөвгүүдэд тэдгээр хувцсыг өмсгөн, тэднийг Надад тахилч нараар үйлчлүүлэхийн тулд тослон, тэдэнд сахил хүртээн ариусгагтун.

42. Нүцгэн биеийг нь халхлах маалинган дотуур өмдийг тэдэнд хий. Тэр дотуур өмд нь ууцнаас гуя хүртэл хүрэх ёстой.

Египетээс Гарсан Нь 28