Дэд Хууль 4:23-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Тиймээс өөрсдийгөө хяна. ЭЗЭН Бурханаас чинь та нартай байгуулсан гэрээг мартаж, ЭЗЭН Бурханыхаа хориглосон ямар нэгэн дүрстэй сийлмэл хөргийг та нар бүтээгүүзэй.

24. Учир нь чиний Бурхан ЭЗЭН бол хуйхлан шатаагч гал, хартай Бурхан юм.

25. Чи тэр нутагт хүүтэй, ач хүүтэй болоод өнө удаан амьдран суухдаа завхран гажуудаж, ямар нэгэн дүрстэй шүтээн хийж, Түүний уур хилэнг хөдөлгөхөөр ЭЗЭН Бурханыхаа мэлмийн өмнө бузар мууг үйлдэх аваас

26. Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.

27. ЭЗЭН та нарыг ард түмнүүдийн дунд бутраан тарааж, ЭЗЭНий та нарыг хөөн явуулах тэдгээр үндэстнүүдийн дотор та нар цөөхүүлээ үлдэнэ.

28. Тэнд та нар хүний гарын бүтээл болох мод, чулуун бурхдад зарагдах болно. Тэдгээр нь хардаг ч үгүй, сонсдог ч үгүй, иддэг ч үгүй, үнэрлэдэг ч үгүй.

29. Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ эрвэл олно.

30. Энэ бүх зүйл чамд тулгарч, зовон зүдрэх үед, тэгээд хожмын өдөр чи өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэж, Түүний дуу хоолойг сонсох болно.

31. Чиний Бурхан ЭЗЭН өрөвч Бурхан мөн. Тэрээр чамайг орхих ч үгүй, чамайг устгах ч үгүй, чиний өвөг дээдэст тангарагласан гэрээгээ мартах ч үгүй.

Дэд Хууль 4