9. гибеончуудын гарт өгөв. Тийнхүү тэднийг ЭЗЭНий өмнө, уулан дээр дүүжилж алав. Ингээд долоон хүн хамтдаа үхэв. Тэд арвай хураах үеийн эхний өдрүүдэд алагджээ.
10. Аиагийн охин Ризпа таар авч, хадан дээр дэвсэн суугаад ургац хураахаас авахуулан тэнгэрээс бороо тэдэн дээр орох хүртэл, өдөр нь тэнгэрийн шувууг, шөнө нь хээрийн араатныг үргээн тэдний цогцост ойртуулсангүй.
11. Саулын татвар эм, Аиагийн охин Ризпагийн юу хийснийг Давидад хэлэхэд,
12. тэр явж, филистчүүд Саулыг Гилбоад алсан өдрөө, Бет-Шаны талбайд Саул, Ионатаныг дүүжлэхэд, тэндээс тэднийг хулгайлан авсан Иабиш-гилеадын хүмүүсээс Давид тэр хоёрын ясыг авав.
13. Давид Саулын болон түүний хөвгүүн Ионатаны ясыг тэндээс авчрав. Мөн дүүжлэгдэн үхсэн хүмүүсийн ясыг ч тэд цуглуулав.
14. Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн, Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд оршуулав. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв.
15. Филистчүүд дахин Израильтай дайтав. Давид зарц нартайгаа хамт явж, филистчүүдтэй тулалдах зуур Давид эцэж ядарсан байлаа.