2 Самуел 19:25-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Хааныг угтахаар түүнийг Иерусалимаас ирсэн үед хаан түүнээс—Мефибошет, чи юунд надтай хамт явсангүй вэ? гэж асуув.

26. Тэр—Хаан эзэн минь, зарц минь намайг мэхлэв. Боол би хөлгүй учир “Би илжиг эмээллэн унаж, хаантай хамт явъя” гэж хэлсэн юм.

27. Гэтэл тэр боол намайг эзэн хаанд гүжирдэв. Гэвч миний эзэн хаан Бурханы тэнгэр элч мэт тул та өөрийн тааллаар бологтун.

28. Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулав. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй юм бэ? гэв.

29. Хаан түүнд—Чи юунд өөрийнхөө хэргийг ярина вэ? Чамд болон Зибад газар хувааж өгнө гэж би шийдсэн гэж хэлэв.

30. Мефибошет хаанд—Хаантан амар мэнд гэртээ буцаж ирснээс хойш тэр бүгдийг нь аваг гэв.

31. Гилеад хүн Барзиллаи Рогелимоос Иордан голд хааныг үдэн гаргахын тулд хаантай хамт Иордан гол хүртэл явав.

32. Барзиллаи бол наян настай, их хөгшин хүн байв. Тэрээр ихэд баян хүн байсан учир Маханаимд байх зуур нь хааныг хүнсээр хангаж байв.

33. Хаан Барзиллаид—Надтай хамт гатлан явагтун. Иерусалимд надтай хамт байхад би таныг идэх хүнсээр хангах болно гэв.

34. Гэвч Барзиллаи хаанд—Хаантай хамт Иерусалимд очсон ч би хэдий удаан наслах билээ?

35. Би одоо наян настай болов. Би сайн, мууг ялгаж чадах уу? Юу идэж, уухаа би амталж үзэж чадна гэж үү? Дуучин эрс, эмсийн хоолойг сонсож чадна гэж үү? Ийм учир боол би эзэн хаанд тээр болохгүй гэж үү?

36. Боол би хаантай хамт Иордан голыг гаталж, жаахан яваад буцъя. Хаан яасан гэж надад ийм шагнал хайрлана вэ?

37. Би өөрийнхөө хотод, эцэг эхийнхээ булшны ойр үхмээр байгаа учир боол намайг буцаагаач. Гэсэн хэдий ч таны зарц Кимхам энд байна. Тэр миний эзэн хаантай хамт гатлан яваг. Та түүний хувьд тааллынхаа дагуу болтугай! гэж хэлэв.

38. Хаан—Кимхам надтай хамт гатлан явах болно. Би түүнд чиний таалалд нийцсэн зүйлийг хийх болно. Чи надаас юу хүснэ, түүнийг чинь би биелүүлж өгье гэв.

2 Самуел 19