1 Самуел 11:5-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Саул үхрээ туун, талбайгаас буцаж ирж байв. Саул—Хүмүүс уйлалдаад, юу болж байгаа юм бэ? гэж асуусанд тэд Иабешийн хүмүүсийн үгсийг түүнд хэлж өгөв.

6. Саулыг эдгээр үгсийг сонсоход, Бурханы Сүнс Саулын дээр хүчтэй буув. Саул маш их ууртай болов.

7. Тэр буулгатай үхрүүдийг авч, цавчин хуваагаад, элч нарын гараар Израилийн нутаг даяар илгээж,—Саул болон Самуелын араас үл дагагчийн үхэр үүнтэй адил болно гэж хэлүүлэв. Ард олон ЭЗЭНээс айж, нэгэн хүн мэт ирцгээв.

8. Саул тэднийг Безект тоолов. Израилийн хөвгүүд гурван зуун мянга, Иудагийн эрчүүд гучин мянга байв.

9. Тэд ирсэн элч нарт—Иабеш-гилеадын хүмүүст ийнхүү хэлэгтүн. “Маргааш үд дунд та нар аврагдах болно” гэж хэл гэв. Тийнхүү элч нар буцаж ирэн Иабешийн хүмүүст мэдэгдэхэд, тэд баярлав.

10. Тэгээд Иабешийн хүмүүс—Маргааш бид та нар уруу гарч очно. Та нар өөрсдийн тааллаар биднийг яахаа мэдэгтүн гэж өгүүлэв.

11. Дараагийн өглөө Саул хүмүүсээ гурван анги болгон хуваав. Өглөөний харуулын үеэр тэд хуаран уруу нь цөмрөн орж, үд хүртэл аммончуудыг хядав. Амьд үлдсэн хүмүүс нь бутран тарж, нэг дор хоёр хүн хамт үлдсэнгүй.

12. Тэгэхэд ард олон Самуелд—Өмнө нь Саул биднийг захирах уу?” гэж хэлсэн хүн хаа байна? Тэр хүмүүсийг авчрагтун. Бид тэднийг алах болно гэлцэв.

13. Гэвч Саул—Өнөөдөр хүн алж болохгүй. Учир нь өнөөдөр ЭЗЭН Израильд авралыг гүйцэлдүүлэв гэв.

14. Тэгээд Самуел ардуудад—Гилгал уруу явцгаая. Тэнд очин хаанчлалыг шинэчилцгээе гэж хэлэв.

15. Тийнхүү бүх ардууд Гилгал уруу явж тэнд ЭЗЭНий өмнө тэд Саулыг хаан болгов. Тэд тэндээ бас ЭЗЭНий өмнө эвийн тахилын өргөлүүдийг өргөж, Саул болон Израилийн бүх хүмүүс агуу ихээр баярлацгаав.

1 Самуел 11