1 Коринт 11:18-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Учир нь нэгдүгээрт, та нар чуулган дотор цуглах үедээ дундаа хагаралтай байгааг чинь би сонсов. Зарим талаар би үүнд итгэж байна.

19. Учир нь та нарын дунд шалгарсан хүмүүс тодорсон байхын тулд та нарын дунд бүлэглэлүүд гарч ирэх ёстой юм.

20. Тиймээс та нар хамтдаа цуглах нь Эзэний Зоогийг идэхийн тулд биш юм.

21. Учир нь хүн бүр өөрийнхөө хоолноос урьтаж иддэг бөгөөд нэг нь өлсгөлөн байхад нөгөө нь согтуурч байна.

22. Та нарт идэх уух гэр орон байхгүй гэж үү? Эсвэл та нар Бурханы чуулганыг басамжлан, хоосон нэгнийгээ ичээх гэдэг юм уу? Та нарт би юу гэж хэлэх вэ? Та нарыг би магтах уу? Үүний чинь төлөө би та нарыг магтахгүй.

23. Учир нь Эзэнээс юу авсныгаа та нарт би дамжуулж өгсөн. Чухамхүү Түүний баригдсан тэр шөнө Эзэн Есүс талх аваад,

24. талархлаа өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлд” гэв.

25. Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга бол Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ мөн. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсан үүнийг үйлд” гэсэн юм.

26. Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг.

1 Коринт 11